
Нийтлэл бичсэн
Гэр өргөө ТББ-ын Урбанизм баг
Он сар
10/21/2026
Өвлийн хот: 1-р хэсэг
Хүйтэн, сэрүүхэн улирал урт үргэлжилдэг Улаанбаатар шиг хот ямар байх ёстой вэ?
Жилийн дундаж температур 0 хэм орчим, ялангуяа нэгдүгээр сард 0 хэмээс доош хүйтэрдэг, хойд өргөргийн 46 градусаас дээш байршилтай газрыг өвлийн хот гэж тодорхойлдог. Хойд Америкийн хотууд энэ сэдвээр анх яриа өрнүүлж, 1980-аад оноос эхлэн өвлийн хотын төлөвлөлт, дизайны талаар өргөн хүрээнд хэлэлцэж эхэлсэн.
Манай хотын жилийн дундаж температур -1.3 хэмээс 0.2 хэмийн хооронд хэлбэлздэг. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэж хот гэж бид “бахархдаг.” Хойд өргөргийн 47.92 градуст байрладаг. Тэгэхээр маргаангүй өвлийн хот.
Гэр өргөө ТББ өвөлд бэлдэж буй айл өрх, албан байгууллага, дүүргийн бас хотын удирдлагад зориулж өвлийг өнтэй давах цувралаа хүргэж байна. Хэдүүлээ хахир өвлийг зүгээр нэг “амьд давах” биш тачигнасан хүйтэнд ч ая тухтай амьдрах бэлтгэлээ базаая.
Өвлийн бэлтгэл: Явган хүний зам

Зураг: Гэр өргөө
Их дэлгүүрийн урд, Сөүлийн гудамжны явган хүний зам
Хотын асуудлыг богино хугацаанд, харьцангүй хялбар замаар шийдэж болох сэдвийг ярих цуврал блогоо эхлүүлж байна. Зарим асуудлыг шийдэхэд амархан ш дээ!
Өвөл боллоо удахгүй. Цас бударсан эмо дүр зураг хүн бүгдэд буудаг. Бас түгжирсэн машин сүлжээд, нүүрсний утаан дээрээ нэмээд машины тортог залгиад алхдаг дүр зураг бас бууж байна. Өвлийн улиралд явган хүний замыг саадгүй болох талаар ярилцъя.
Улаанбаатар шиг түгжрээтэй газар өвөл автобус хүлээхийн оронд ойрхон газарт алхаад очих шиг стрессгүй зүйл үгүй. Гэтэл алхахад лайтай юм юу вэ?

Зураг: Google maps
Хөрөнгийн биржийн явган хүний зам
Явган хүний гарц дээр зогссон машинууд!
Явган хүний ногоон гэрэл ассан ч явган хүний цагаан зураас дээр машинууд пиг зогсдог. Ногоон, улаан хамаагүй яагаад цагаан шугам дээр зогсдог юм бол?
-
Дүрэм мэддэггүйгээс үү? Энэ дүрмийг хараарай!
-
Цагаан зураас дээр зай гаргаад зогсонгуут урдуур нь өөр машин дайрна гэж айдаг? Урдуур дайрдаг машин бас гайгүй болсон. Бусад машин цагаан шугам чөлөөлөөд зогсож байхад тэгж дайрвал одоо дүүрчээ.
-
Хүмүүс тойроод алхана биз гэж гэнэнээр боддог? Дүрмээрээ явмаар байна!
-
Сүртэй ш дээ! Ийм хариулт бараг дийлэнх нь байвал битгий гайхаарай.
Явган хүмүүс нь яагаад шаардлага тавьдаггүй, хүлцэнгүй тойроод, сүлжээд явдаг вэ?
-
Дүрэм мэддэггүй?
-
За яах вэ, аль аль нь ядаж явна. Нэг удаа өршөөе гэж боддог?
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм
Гарц дээр зогсож болохгүй!
Явган хүний гарц дээр болон түүнд 5 метрээс ойр зайд түр ба удаан зогсохыг хориглоно.
Хэрэв зам түгжрэлтэй байгаад урагшлах боломжгүй бол гарцыг хаалгүй, цагаан шугамын ард зогсох ёстой.

Зураг: Гэр өргөө
Бага Тойруу гудамж, явган хүний гарц
Шалтгаан нь юу ч байсан ингэж зогсох нь аюултай. Гарц дээр зогссон машиныг сүлжиж гарч байгаа хүүхдийг цаад эгнээнээс хурдаа багасгаагүй машин гарч ирээд яах билээ?! Энэ видеог заавал үзээрэй!
Хүүхдийн тэрэг түрсэн, тэргэнцэртэй, настай хүмүүст бүр л хэцүү. Тэр гарцан дээр машинтайгаа ирээд хэвтчихдэг хүмүүсийг машин сүлжүүлж алхуулмаар санагддын. Өдөрт хэдэн удаа. Та нар тэгдэг үү?
Явган хүний бүх гарц дээр хурд сааруулагч хийвэл хар хурдаараа ирж байгаа машин гарц дээр зогсох болов уу, эсвэл намайг дайрах болов уу гэх айдас алга болж магадгүй. Яг үнэндээ аль болох айдас, хүйдэсгүй зам гарчихдаг болмоор байгаа юм аа, явган хүмүүс.
Сургуулийн орчимд хийдэг эргүүлтэй замаар гарах ямар жаргалтай гээч. Дандаа “баярлалаа” гэж хэлдэг.
Би өндөр, эрэгтэй байсан бол Улаанбаатарын Mr. Whack-a-Bike болмоор санагддаг. Би бөхчүүдийг Замын цагдаатай хамтраад Mr. Whack-A-Bike шиг ажил үе үе хийгээсэй гэж мөрөөдсөн.
Замын цагдаагийн газар “Ногоон гэрэл, цагаан шугам” гэдэг аяныг улирал бүр хийвэл энэ асуудал гайгүй болчихмоор. Тийшээ нэг залгаж асууя.
ӨВЛИЙН ХОТ
Өвлийн хот ямар байх ёстой вэ?
Нарны илчийг ашиглах, салхинаас нөмөрлөх архитектурын дизайн, төлөвлөлттэй, явган хүн саадгүй бөгөөд чөлөөтэй алхах замтай, найдвартай бөгөөд шуурхай нийтийн тээвэртэй, өвөл ч хүмүүс уулзах, тоглох, чөлөөт цагаа өнгөрөөх олон нийтийн талбайтай байх ёстой. Цас, мөс цэвэрлэхээс эхлээд гэрэлтүүлэг хүртэлх өдөр тутмын бүх ажлыг өвөл тохиолддог бэрхшээл биш харин хотын амьдралын нэг хэсэг гэж тооцож, төлөвлөж, гүйцэтгэдэг.
Улаанбаатар хахир хатуу өвөлтэй боловч хойд бүсийн өвлийн хотуудтай харьцуулахад жилийн ихэнх өдөр нь нартай байдаг. Ийм давуу талаа ашиглаад, бусад жижиг асуудлаа хурдан шийдчихвэл манай хот чинь нэг их “хүйтэн” санагдахгүй байх.

Зураг: Гэр өргөө